Аялал жуулчлал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ
Аялал жуулчлал гэж юу вэ. Аливаа хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх болон бизнес, ажил хэргийн зэрэг бусад тодорхой зорилгоор тодорхой хугацаанд байнгын хүрээллээсээ ангид газар нэгээс 183 хоног хүртэл хугацаагаар аялж, байрлан хоноглох үйл ажиллагаа болон тэдэнд үйлчилгээ үзүүлж буй бүхий л хэлбэрийн байгууллагын үйл ажиллагааг хамтатган аялал жуулчлал гэнэ.  
Жуулчин гэж хэн бэ. Өөрийн байнга оршин суудаг газар нутгаас өөр газар, орон руу тодорхой зардал гарган, тодорхой зорилгын улмаас аялал жуулчлал хийж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг жуулчин, аялагч, гийчин гэж нэрлэнэ.
Аялал хийх зорилго: Чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх, байгалийн сайхныг харж бахдах, бизнесийн зорилгоор явах, түр хугацааны албан томилолтоор явах, найз нөхөд хамаатан садандаа зочлох, суралцахаар явах, дэлгүүрээр явах, хурал зөвлөлгөөнд оролцох, олон улсын болон бүс нутгийн уралдаан тэмцээнд оролцохоор явах гэх мэт олон янз байна.
Аялал жуулчлал нь хүний сонирхол танин мэдэхүйн хүрээнд явагддаг учраас бие даасан ямар нэгэн шинжлэх ухаан бус харин эдийн засаг, экологи, хүн судлал, түүх, газарзүй, социологи, менежмент, сэтгэл зүй, хууль зүй, мэдээлэл технологи, урлаг, соёл судлал зэрэг олон ухаануудыг өөртөө багтаан агуулж байдаг өргөн ойлголт бөгөөд хүмүүсийн харилцаанд тулгуурлан явагддаг хамгийн аз жаргалтай бизнест тооцогдоно.
Аялал жуулчлал нь хүний төлөө үйлчилж байх ёстой механизм бөгөөд өндөр чанартай үйлчилгээг хүмүүст хүргэж “сэтгэгдэл” үлдээх замаар хийгддэг бизнес юм.
Ажлын байраар хангагч дэлхийн хамгийн том үйлдвэрлэл юм. Эл салбарт ажиллагсдаас нарийн мэдлэг, ур чадвар, бүтээлч хөдөлмөрийг шаарддаг. Дэлхийн хэмжээнд 10 ажлын байр тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт хамаардаг бол нэг жуулчин хүлээн авахад 20 ажлын байр идэвхждэг гэсэн Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын судалгаа бий.
Аялал жуулчлал нь дэлхийд асар хурдацтай өсөн хөгжиж буй интернет мэдээллийн бизнес, автомашин ба нефтийн үйлдвэрлэлийн дараа гуравдугаарт ордог бөгөөд орон нутгийг хөгжлийг түргэтгэж, бусад салбарт эдийн засгийн харилцан үр ашигтай байдлыг бий болгож, тогтвортойгоор хөгжүүлж болох хамгийн боломжит үйлдвэрлэл юм.
Аялал жуулчлал бол амьдралын хэв маягийг өөрчлөн сэргээдэг, аливаа улс орны үндэсний ёс заншил, соёл мартагдаж алга болохоос тодорхой хэмжээгээр сэргийлдэг, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой үйлдвэрлэл юм.
Аялал жуулчлал нь гадаад хүчин зүйлийн нөлөөлөлд хамгийн ихээр өртдөг салбар бөгөөд аливаа дайн байлдаан, нийтийг хамарсан халдварт өвчин, байгалийн гамшиг, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь эл салбарт сөргөөр нөлөөлж байдаг.
Аялал жуулчлал нь нөөц бүтээгдэхүүн, соёлын өв, байгаль орчны бодит нөөц дээр тулгуурлан явагддаг боловч тэдгээрээс гадна боловсон хүчний ур чадвар, хөдөлмөр зүтгэл, шинжлэх ухаан, технологид тулгуурлан хөгждөг онцлогтой салбар юм. Үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт зэргийг хамгийн их дэмжигч, үр ашиг нь тодорхой нэг хэсэгт бус олон арван салбар, иргэдэд шууд хуваарилагддаг онцлогтой үйлдвэрлэл юм.