Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй ШТС-иудад төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон БОАЖЯ-ийн Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/14, 01/06 тоот удирдамжуудын дагуу аймгийн БОАЖГазар, Өлгий сумын байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагчид хамтарч аймгийн төвд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа “Ник-Петровис” ХХК, “Магнай-Трейд” ХХК, “Тэс-Петролиум” ХХК-иудын Баян-Өлгий аймаг дахь салбарын агуулах, ШТС-иудын үйл ажиллагаанд 2023 оны 05-р сарын 12, 15, 16-ны өдрүүдэд 01.1.4 кодтой “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас”-аар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг хийж, эрсдлийг үнэлж ажиллав. Шалгалтаар тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж холбогдох байгууллагаар батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байгаа байдал, стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газрыг ашиглаж байгаа байдал зэрэг асуудлуудыг хамруулж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан улсын /ахлах/ /байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар “Тэс-Петролиум” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь 1 агуулах, 3 ШТС-д, “Ник-Петровис” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь 1 агуулах, 1 ШТС-д стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар барьж байгуулан ашиглалтанд оруулсан нь сайшаалтай байна.

Хуваалцах