Ойн өдөр

Олон улсын ойн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан юм. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг.

Дэлхийн хуурай газрын 3-ны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс болж байна. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Сүүлийн 30 жилд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна.

Хуваалцах