Толбо сумын нутаг дэвсгэрт орших Хар нуураас загасны үржлийн үед загас агнаж байгаа байдалд хяналт шалгалт хийж ажиллав.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын даргын баталсан 01/05 тоот “Ан агнах, барих, худалдах, худалдан авах, тээвэрлэх, байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу аймгийн БОАЖГ-ын Байгаль орчны хяналтын улсын /ахлах/ байцаагч, байгаль хамгаалагч нар 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Толбо сумын нутаг дэвсгэрт орших Хар нуураас загасны үржлийн үед загас агнаж байгаа байдалд хяналт шалгалт хийх явцад Өлгий сумын иргэн Т нь хууль бусаар загас агнасан зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчилэй холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан хариуцлага хүлээлгэж ажиллалаа.

Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.8 дахь заалтад заснаар загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд агнахыг хориглосон байдаг.

Хууль бусаар загас агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4.т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага хүлээлгэх болно.

Иймд иргэдийн анхааралд хууль бусаар хуулиар хориглосон хугацаанд загасны үржлийн үе явагдаж байгаа энэ үед загас агнахгүй байхыг хатуу анхааруулж байна.

Хуваалцах